2010/12/19


Философийн ухааны доктор Б.Батчулуун.Ойлгохуйг ойлгох нь Бүгдийг мэддэг бөгөөд ойлгодог хүмүүст


Ойлгохуйг ойлгох нь
Бүгдийг мэддэг бөгөөд ойлгодог хүмүүст
Энэ сэдвийг хөндөхгүй бол болохгүй нь

1990-ээд оны эхээр өөр ертөнцтэй харьцагч, далдыг харагч, ид шидтэн, ер бусын ухаантан, Монголыг байтугай дэлхийг аврах төлөвлөгөө боловсруулсан суутан, аугаа архад, биваангарьд, сартваахууд учиргүй олширч билээ. Тэгснээ нэг хэсэг овоо цөөрч, жирийн эрүүл ухаан, боловсролтой хүмүүсийн чих амраад байсан юмсан. Гэтэл сүүлийн үед нөгөөдүүл чинь дахиад л гараад ирэх нь тэр. Гайхшаа барахдаа өөрийгөө бусдын хэлж ярьж буйг ойлгохоо больчихсон юм болов уу гэж бодоод тэдний айлдваруудад логик болон семантик анализ хийх гэж оролдов. Гэтэл болдоггүй. Логикгүй юманд логик анализ хийнэ гэж байдаггүй юм байна лээ. Гэхдээ “ойлгохуй” гэж юу болох тухай асуудал хөндсөн өгүүлэл бичих санаа өгсөн нь тэдний зүгээс надад үзүүлсэн ганц тус мөн.



Зарим хүний хувьд энэ өгүүлэл маш уйтгартай, сонирхолгүй, ойлгомжгүй санагдаж магадгүй. Гэхдээ БАЙЗААРАЙ, уйтгартай, сонирхолгүй байж болно. Харин ойлгомжгүй гэдгийг та хэрхэн мэдэв гэж асуумаар байна. Ойлгохуйн асуудал гэж ингээд л аяндаа босож ирдэг. Энэхэн агшинд энэ хэдэн мөрийг уншиж буй танд ч гэсэн ойлгохуйн асуудал хамаарч байна. “Би мэдэж байна, ойлгож байна” гэдэг бол огтоос эргэцүүлээгүй атлаа хамгийн их хэрэглэгддэг өгүүлбэр аж. Амьдралынхаа туршлагаасаа өгүүлэхэд, харилцагч этгээд, ялангуяа маргаан мэтгэлцээн явуулж буй хүндээ “та асуудлаа ойлгохгүй байна” гэж хэлэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Монголчууд ойлгохгүй байгаагаа барагтай бол хүлээн зөвшөөрдөггүй. За тэгээд “би мэдэхгүй” гэж хэлнэ гэж бүр ч байхгүй. Улайраад л дайрчихна. Аягүй бол дайсагнах хандлага ч гаргаж мэднэ. Дашрамд хэлэхэд, хүмүүсийн психологийн нэг онцлог бол ойлгосон, мэдсэн зүйл нь ямагт эерэг эмоци төрүүлж өөдрөг болгож байдаг бол ойлгогдоогүй зүйл, үл мэдэхүй нь ямагт айдас, болгоомжлол дагуулж байдаг. Тэгэхээр юм ойлгохгүй байгааг нь, өөрөөр хэлбэл, хэлээд байгаа зүйл нь ямаршуухан утгагүйд тулж очихыг өөрөөр нь ойлгуулах явдал хамгийн сайн арга бөгөөд их нөлөө үзүүлдэг.

Мэдлэг ба ойлголт

Харилцан холбоотой боловч агуулга нь яг давхцдаггүй термин, нэр томьёонууд гэж байдаг. Мэдлэг ойлголт хоёр нь яг тийм терминүүд юм. Ойлголт, мэдлэг хоёрын ялгааг нэг онигоон дээр тайлбарлая: “Габров хотын нэгэн иргэн Чандра бурхныг харчхаад надад ийм ажилчин байдаг ч болоосой гэсэн гэдэг.” Энэ онигоог ойлгохын тулд хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй. Нэгд, “Арвич, ашигч” зангаараа нэр цууд гарсан Болгарын Габров хотынхны тухай Хоёрт, Хинду шашны Чандра хэмээх бурхан 6 гартай байдгийг мэддэг байх хэрэгтэй.

Мэдлэг бүр ижил байдаггүй: “Юу вэ?” гэдгийг мэдсэн мэдлэг байхад “Яаж вэ?” гэдгийг мэдсэн мэдлэг ч бас байна. Эртний грекчүүд нар яагаад хиртдэгийг мэддэггүй хэрнээ хэзээ хиртэхийг нь яг таг хэлдэг байв. Монголчууд өвсний толгой яагаад шарлаж байгааг мэддэггүй ч шарласан байдлаар нь өвөл хэр хатуу болохыг хэлдэг байлаа. Ийм мэдлэгийг эмпирик мэдлэг гэх бөгөөд тэдгээр нь юмсын детерминант чанартай төдийлөн холбоогүй. Финляндын логикч Хинтик мэдлэгийг “гүний” ба “өнгөний” гэж хоёр хуваасан байдаг. Илт (өнгөний) мэдлэгт зарим нэг логик үйлдэл хийсний үндсэн дээр далд мэдлэгийг гаргаж авах нь бий. Жишээ нь, “Бүх яруу найрагч бол зохиолч” гэдэг мэдлэгээс “Зарим зохиолч л яруу найрагч юм байна” гэсэн мэдлэгийг гарган авч болно. Мөн “Бүх хүн үхдэг”, “Сократ бол хүн” гэсэн хоёр мэдлэгээс “Сократ үхнэ” гэсэн мэдлэг гарцаагүй гарна. Тэгэхээр хүн мэдсэн зүйл болгоноо ойлгосон мэтээр үзэж болохгүй нь. Ойлгосон цагтаа мэдсэн гэж ярьж болдог бол мэдсэн цагтаа ойлгосон гэж ярьж болдоггүй. Гэтэл амьдрал дээр мэдсэн зүйлээ ойлгосон гэж ярьдаг хүмүүс их байдаг. Ялангуяа улс төрчдийн ярьж буйг сонсоод байхад тэд бүх зүйлийн талаар сонссон-мэдсэн байдаг авч тэдгээр зүйлсээ ойлгоогүй байх нь олонтаа.

Ихэнх хүн телевизийн аль товчин дээр дарахад ямар дүрс гардгийг мэддэг боловч цаана нь физикийн ямар процесс явагдаж байгааг ойлгодоггүй. Тэгэхээр энд ойлголтын тухай ярих аргагүй. “Чингис” зочид буудал хүрэх замыг мэддэг гэж ярихаас ойлгодог гэж ярих нь утгагүй. Утга гэдэг бол юмыг ойлгосон цагт л бий болдог үзэгдэл. Ойлгосон хүнд л тухайн юмны утга илэрнэ. “Чи мэдэж байгаа зүйлээ ойлгож байна уу?” гэсэн асуулт бол маш сайн асуулт бөгөөд үнэн чанартаа ухамсарлагдсан мэдлэгийн тухай асуугаад байгаа хэрэг ажгуу.

Итгэл, мэдлэг, ойлголт

Мэдлэг нь ойлголтонд эерэг нөлөө үзүүлдэг. Мэдлэг эзэмшсэнээр хүн илүү гүнзгий ойлголттой болно. Мэдлэг нь ойлголт болж, харин ойлголт нь итгэл болдог. Ойлгоогүй итгэл ямагт фанатизмд хүргэнэ. Үнэн нь тогтоогдоогүй мэдлэгт хүчтэй итгэснээр мухар сүсэгтэй л болно, өөр үр дүн гарахгүй. Тухайлбал, шашин хэлэхдээ чи бурхантай харьцаж чадахгүй байгаа чинь түүнд итгэхгүй байгаатай холбоотой, чи учрыг олох (ойлгох) гээд байх хэрэггүй, тэр бол чиний оюун ухаанаас хамаагүй ахадсан зүйл, түүнд шууд л итгэх хэрэгтэй гэнэ. Тэгээд хүмүүст хандаж “Чи итгэ, тэгвэл ойлгох болно” гэдэг бол шинжлэх ухаан “Чи ойлго, тэгвэл итгэл төрнө” хэмээнэ. Энэ бол маш ноцтой ялгаа!!!

Тэгэхээр итгэл нь ойлголтон дээр тулгуурлах ёстой. Энд л шашны итгэл ба шинжлэх ухааны итгэл хоёрын ялгаа гарч ирдэг. Бурхан гэж юу болохыг баттай ойлгоогүй атлаа итгэх нь мухар сүсэг, харин газрын татах хүчний нөлөөгөөр алим модноос унаж байгааг ойлгох нь шинжлэх ухааны мэдлэг. Мэдлэг, итгэл хоёр ойлголтоор дамжин харилцан холбогдсон цагт хамгийн зөв холбоос бий болно. Ойлголт нь мэдлэгийн тухай мэдлэг байдаг бол итгэл нь тэр мэдлэгийн үнэнийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байх ёстой байх нь.

Рефлексийн тухай товч
Мэдлэгийн тухай мэдлэг гэж байхад эс мэдэхийн тухай мэдлэг ч гэж байдаг. Үүнтэй адил ойлголтоо ойлгох гэж байхад ойлгохгүйгээ ойлгох ч гэж бас буй. Мэдэж буйгаа болон мэдэхгүй байгаагаа мэдэх; ойлгож буй болон эс ойлгож буйгаа ойлгоход хүний рефлекс хэмээх сэтгэхүйн процес маш гол үүрэгтэй. Аливаа танин мэдэхүйд рефлекс чанар байх боловч улмаар тэр нь гол шинж болсон философи, математик зэрэг ухаанууд бий. Мөн сэтгэлгээгээ эргэж нягтлахыг шаарддагаараа шатар ч гэсэн маш их рефлектив чанартай. Байгаль шинжээчид их зүйл мэддэг, гэхдээ тэд мэддэг гэдгээ мэдэхгүй байх нь элбэг. Бид физик, химийн номыг уншиж байх үедээ үнэн хэрэгтээ байгаль дахь хими, физикийн үзэгдэлтэй биш харин тэдгээрийн тухай ойлголттой харилцдаг. Үүн лугаа бид юмстай биш юмсын тухай ойлголттой харилцах нь олонтаа.

Тэгэхээр уншигч танд мэдлэг, ойлголт хоёр нь ялгаатай боловч хоорондоо гарцаагүй холбогддог үзэгдлүүд гэдэг нь харагдсан байх. Нэгэн логикчоос ойлгохуй, мэдэхүй хоёрын аль нь анхдагч вэ гэж асуухад наадахи чинь “Өндөг, тахиа хоёрын аль нь анхдагч вэ?” гэсэнтэй утга нэг асуулт байна гэсэн байдаг.

Сэтгэхүй ба хэл


Энэ бол хүмүүсийн харьцангуй мэддэг сэдэв. Энэ хоёрын холбооны тухай философич, логикчдоос гадна психологичид ч гэсэн дохионы хоёрдугаар систем хэмээн ярьсаар ирсэн байдаг. Танил сэдэв! Энэхүү өгүүллийг бичигч 3 жилийн өмнө “Өдрийн сонин”-д Сэтгэхүй ба хэл (IQ-гийн Ц.Дэмбэрэл андтай мэтгэлцэж, түүний Хэл ба сэтгэхүй өгүүллийн “эсрэг” бичсэн өгүүлэл) гэсэн гарчигтай өгүүлэл нийтлүүлж байв. Ойлголцол бол харилцан ярианы (хэл ярианы) үр дүн. Харилцан яриа байхгүй, зөвхөн хэн нэг нь хэт давамгайлах юм уу муйхарлах үед ямар ч ойлголцол үүсдэггүй. Хэрэв ярилцагч этгээдээ муйхарлах хандлага гаргаад байвал оросуудын хэлдгээр “довести до абсурда” – “утгагүйд тултал” нь өөрийнх нь логикоор явуулсаар байгаад мухардалд оруулах хэрэгтэй. Өөрийг нь өөрөөр нь няцаалгана гэсэн үг л дээ. Энэ аргыг философийн түүхэнд хамгийн амжилттай хэрэглэж байсан хүн бол Сократ юм. Түүний маевтика гэдэг арга бол яг ийм арга юм. Ээж нь эх баригч хүн байсан бөгөөд Сократ өөрийнхөө аргыг “үнэнийг эх барих арга” гэсэн утгаар энэ үгийг хэрэглэжээ. Хүмүүс ярьж буй зүйлээ ойлгуулахын тулд зүйрлэл их хэрэглэдэг. Гэтэл зүйрлэл ихэвчлэн анти-симметр шинжтэй байдгийг тэд ажигладаггүй. Нэгэн жишээ авъя. “Хүн бол чоно” гэсэн зүйрлэл. Хэрэв зүйрлэл симметр шинжтэй байсан бол “Чоно бол хүн” гэсэн гаргалгаа гарна. Хэл яриатай холбоотойгоор тайлбарлахуйн асуудал ч гарч ирдэг. Энэ бол герменевтикийн асуудал (Өөрөөр хэлбэл, Гермес бурхны асуудал). Ойлгож буй бол тайлбарлаж чадна. Ойлгохуй нь тайлбарлахуйн үндэс гэсэн үг л дээ. Харилцан яриа, ойлголцол гэдэг бол мэдлэг түгж байгаа хэрэг. Мэдлэг ингэж тархахыг бид түүний агуулгатай холбон ярих хэрэгтэй. Түүнээс биш зах зээлийн нийгэм гэсэн нэрийн дор ном-зохиолыг аль болох олон хувь хэвлэснээр мэдлэг түгчихдэг юм биш. Материаллаг болон оюун санааны зүйлийн ялгаа энд харагддаг. Хэрэв уншигч танд нэг алим байгаад түүнийгээ надад өгөх юм бол би алимтай болж танд юу ч үлдэхгүй. Энэ бол материаллаг зүйл. Харин танд нэг шинэ санаа байгаад түүнийгээ надад хэлэх юм бол та бид хоёр хоёул шинэ санаатай болно. Энэ бол оюун санааны зүйл.

Эцэст нь, ойлголттой холбоотой нэгэн ажигласан зүйлээ хэлэхэд, инээд ямагт ойлголттой холбоотой байдаг. Инээдтэй зүйлийг олж харах чадвар, хошин шогийг ойлгох гээд инээд нь зөвхөн юмыг ойлгосон хүний л үзэгдэл байдаг байна. 








1 comment:

  1. шинэчлэл явагдаж байна .

    ReplyDelete