2011/09/08

Мэндчилгээ

IMG_2851 3


Мэндчилгээ

Нэгэн жарныг ардаа хол орхиж, өнгөрсөн хугацаанд арав гаруй мянган дээд боловсролтой үндэсний сэхээтнийг бэлтгэн гаргасан Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль бол Монгол улсдаа түүх-нийгмийн ухааны сургалт, судалгааны ажлаараа тэргүүлдэг эрдэм оюуныг түгээгч томоохон төв юм.

Эдүгээ НШУС-ийн дэргэд нийгэм, хүмүүнлэгийн ухааны 10 тэнхим, эрдэм шинжилгээний 5 хүрээлэн, төвтэйгээр сургалт судалгааны ажил эрхэлж, 100 гаруй багш, эрдэм шинжилгээний ажилтан, 17 хичээлийн туслах ажилтантайгаар ажиллаж байна. Манай нийт профессор, багш нарын 74 хувь нь эрдмийн зэрэгтэй. Мөн 11 мэргэжлээр оюутан 1240 гаруй, магистрант 186, докторант 85 суралцаж, билэг оюунаа ирлэж, амьдралын ухаарлаа хөглөж байна.

Даяаршлын үйл явц гүнзгийрч, мэдээллийн технологи эрчимтэй хөгжиж буй өнөө үед манай хамт олон улс орныхоо эрэлт шаардлагад нийцсэн, дэлхийн түвшин, олон улсын жишигт хүрсэн мэргэжилтнийг сургаж бэлтгэхийн тулд сургалтын чанараа улам сайжруулах хөтөлбөрүүдээ боловсронгуй болгох, багш нарыг эрдэмжүүлэх судалгаа шинжилгээний ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, хилийн чинад дахь мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах зэрэг олон талт үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Тус сургуулийн профессор, багш нар, суралцагсад Нийгмийн шинжлэх ухааны сургалт, судалгааны чиглэлээр дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид, сонирхогчидтой санал бодлоо чөлөөтэй солилцох, нягт хамтран ажиллах эрмэлзлэл дүүрэн байна. Энэ тухайд манай сургуулийн үүд хаалга хэзээ ямагт нээлттэй байх болно.

Бид бүхний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, оюун билгийн лянхуа үргэлжийн мөнхөд өрнөн дэлгэрэх болтугай.


НШУС- ийн захирал,доктор,профессор Г.Эрдэнэбаяр

No comments:

Post a Comment